You are here

ҮНДЭСНИЙ ЭРХ ЧӨЛӨӨ ТУСГААР ТОГТНОЛОО СЭРГЭЭН МАНДУУЛСНЫ 105 ЖИЛИЙН ОЙД

1911 ОНЫ ҮНДЭСНИЙ ЭРХ ЧӨЛӨӨНИЙ ХУВЬСГАЛЫН УДИРДАГЧ

Одоогоос 150-иад жилийн өмнө 15 дугаар жарны шарагчин могой жил 1869 оны намар одоогийн Булган аймгийн Бугат сумын Ханжаргалант багийн нутаг Дүгрээ хэмээх газар тайж Минжиддоржийнд нэгэн хөвүүн мэндэлжээ. Тэр хүү хожмоо Монгол улсын эрх чөлөө тусгаар тогтнолын төлөө амь биеэ зольсон үе залгамжилсан сурвалжит язгууртан боржигон овогт хиад ясны Чингисийн алтан ургийн, Гэрсэнж Жалайр хун тайж Батмөнх даян хааны удмын 1911 оны Үндэсний эрх чөлөөний хувьсгалын голлох удирдагч Эрдэнэ дайчин хошой Чинван М.Ханддорж байсан бөлгөө. Угсаа залгамжилсан хошуу хоён Цэрэндоржийн ач хүү Ханддорж тугал, хурга хариулж, үеийнхэнтэйгээ барилдаж, уралдаж өсөн ч үр удмаа үлдээдэг нь хүмүүний ёсон, угсаа зэргээ залгамжлуулдаг нь язгууртны ёсон байсныг уламжлан өвөг эцэг Цэрэндоржийн гэрээс Манжийн хааны тааллаар Бадаргуулт төрийн 18 онд /1892 он/ Ханддорж, Хошой Чин вангийн хэргэмийг найм дахь үедээ залгамжилжээ. Боловсролтой ажил алба хашдаг язгууртны гэр бүлд төрж өссөн Ханддорж Монгол, Манж, Хятад хэл бичиг заалган номын мөр хөөж төрийн хашир туршлагатай зүтгэлтэн өвөг эцэг Цэрэндоржийн захиас сургаалаар хүмүүжиж төр засах, ардаа ачлах эрдэм ухаанд хичээнгүйлэн чармайж хүрээний амбан сайдын дэргэдэх төрийн албанаа сурган бэлтгэх дамжаанд суралцаж төрийн албанд бэлтгэгджээ.

Эцэг өвгөд нь манжийн засгийн бодпогыг эсэргүүцдэг таагүй харьцдаг байсан ч ач хойчийг нь өөртөө татах зорилгоор манжийн хаан Ханддоржийг Халхын хойд замын баруун гарын зүүн хошууг /одоогийн Булган аймгийн төв, Орхон, Хангал, Бугат, Сайхан, Хутаг-Өндөр, Тэшиг сумын нутгийг/ захируулсан байна. Ийнхүү цэл залуу 23-хан насандаа хошуу захирч нутаг хошуугаа өөд татах ард иргэдийнхээ итгэлийг олох, ихэс дээдсийн ая занг тааруулж аливаа асуудлын учрыг олох амаргүй хариуцлагатай асуудал тулгарчээ.

Улс орноороо харийн эрхшээлд байгаа нөхцөлд юм бүгдэд гэдийн цахлах аргагүй, бөхөлзөж явах бүрч хэцүү нөхцөлд Ханддорж үл тэвчих асуудлыг дотроо болгоож, аливаад ухаан зарах хэрэгтэй гэж үзэж байлаа.

Ханддорж 1897онд Түшээд Хан аймгийн туслагч жанжины зөвлөх, 1900 оноос жинхэнэ туслагч жанжнаар томилогджээ.

Энэ цаг үед Ханддорж юм юманд хэрсүүжиж , Манжийн төрийн бодлого, ил далд санааг ойлгох болжээ.

Манж Чин улсын шинэ засгийн бодлого нь Ханддорж нарын улс эх орноо гэсэн эх оронч , дэвшилт үзэлтэй ноёдын үзэл бодолтой зөрчилдөж тэдний сэтгэлийг зовоож үндэсний дарлалын мөн чанар учир шалтгааныг ухааруулах болсон байна.

Энэ үед Ханд ван байдал ийм байвал Монголчууд шууд зэвсэг барьж тэмцэхээс өөр аргагүй гэдгийг шууд хэлдэг байжээ. Энэ цаг үед номын мөр хөөлгөж явуулсан хүүг нь харгис хэрцгийгээр цаазалсан явдал Ханддоржид үгээр хэлэхийн аргагүй хорсол зэвүүцлийг төрүүлж, улс эх орныхоо тусгаар тогтнолыг сэргээн мандуулахын төлөө эргэлт буцалтгүй эрслэн тэмцэхэд хүргэсэн байна.

Ханддорж хайртай хүүгээсээ хагацаж хир баргийн хүний зүрх сэтгэл тэсч даахын аргагүй доромжпол, тавлал үзсэн нь түүний манжийг эсэргүүцсэн үзэл санааг гал дээр тос нэмэх адил идэвхжүүлэн, цагийн хүлээц түүхийн нууцыг аль эртнээс танин мэдэрсэн тэрбээр цаашдын тэмцлээ зугуухан боловч даацтайхан үргэлжлүүлсэн байна. Ханддорж ийнхүү туурга тусгаар улс байгуулах их үйлсэд эргэлт буцалтгүй орж хамтран зүтгэгчид , ашиглаж болох гадаад дотоодын хүчийг эрэлхийлэн Орос улстай холбоо тогтоох, сүсэгтэн олны дунд асар их нэр нөлөөтэй байсан Богд Жавзандамба болон нэр нөлөө бүхий халхын ноёдыг хамтран зүтгэхийг уриалан их үйл хэрэгтээ шуудран орсон байна. Богт гэгээнтэн Ханддоржид итгэн тал өгч туурга тусгаар улс байгуулах талаар санал бодол нэгдэн хамтран тэмцэх үйл хэрэг 1911 оноос зохион байгуулалттай шатанд шилжсэн байна.

Энэ үед Манжийн засаг захиргаа Ханддоржийн үйл ажиллагаа өөрсдийн нь эсрэг зохион байгуулагдаж байгааг мэдэж, зөөлөн аргаар хандах талдаа татах бодлого барьж зэрэг цол албан тушаалыг нь нэмж, олон арга хэмжээ авсан боловч цогт эх орончийн сэтгэл санааг эргүүлж чадсангүй. Ханддорж нар шинэ засгийн бодлогыг хэрэгжүүлэх талаар хэлэлцэнэ гэж Монгол ноёд түшмэдүүдийг цуглуулаад хэрэг дээрээ Манж Чин улсын дарлал мөлжлөгөөс хэрхэн ангижрах улс орноо, хүн ардаа чөлөөлөх тухайгаа зөвлөлдөн ярилцдаг болжээ. Монголын нийгмийн дэвшилт үзэлтэй ноёд, түшмэдүүд 1911 оны 5 дугаар сарын 25-нд Хүрээний газар цуглаж, их хэргийг бүтээхээр санаа шулуудан зориглон хөдөлжээ. Үүний дараа 7 дугаар сард Халхын 4 аймгийн Хан Чуулган дарга, жанжин Хэбэй хутагт хувилгаад зэрэг ихэс дээдэс Богт гэгээнд бат өргөл өргөх үеэр Эрдэнэ Шанзубын Яаманд цугларч зөвлөлджээ. Энэ зөвлөлгөөнийг Чин ван Ханддорж, Да лам Цэрэнчимэд нар удирдан зохион байгуулж, Манжийн шинэ засгийн бодлогыг ямар аргаар эсэргүүцэх, Улс үндэснийхээ тусгаар тогтнолыг хэрхэн сэргээх тухай тэднээр хэлэлцүүлжээ. Энэ үед тэд санал зөрөлдөж олон янзын санал гарсан тул тодоорхой хүрээнд гол асуудлыг шийдэхээс өөр аргагүйд хүрчээ.

Ингэснээр Ханддорж тэргүүтэй цөөн хүмүүс сэм хуралдаж тусгаар улс болж шашин үндсээ хамгаалах чухал шийдвэр гаргаж, Орос улсаас тусламж хүсэх хэрэгт Чин ван Ханддорж, Да лам Цэрэндорж өвөрлөгч түшмэл Хайсан гүн нарыг томилон явуулсан байна. Монголын тусгаар тогтнолыг сэргээх хэргийг шууд удирдаж эрхлэх “Халхын хүрээний бүх хэргийг түр Ерөнхийлөн шийтгэх газар”-ыг байгуулж улс орон даяар ҮЭЧ-ний хөдөлгөөнийг өрнүүлж хүрээнд байгаа Чин улсын захиргааг түлхэн унагах, Монголын төр улсыг сэргээх явдлыг бэлтгэх зохион байгуулах үүрэгтэй түр Засгийн газрыг байгуулж, Зөвлөн шийтгэх түшмэлээр Чин Ван Ханддоржийг томилон ажиллуулжээ. Төлөөлөгчид зөвлөгөөний маргаашаас тус тусдаа нууц байдлаар Оросын хилийг давсан байдаг. Ханддорж өөрийн хошуу нутгаар дайрч зам мөр бууруулан явахдаа сумын занги Ж.Дашдоржид “Ар найман сум миний хошууны уул, ус, ургамал, ногоо жигдэрсэн хамгийн үзэсгэлэгг нутаг .Ийм сайхан нутаг албат ардаа харийн боолчлогчдод талхиулж байгаадаа үнэнхүү сэтгэл өвдөж, өр зүсэх юм. Ингээд л би тусгаар Монгол улс байгуулах үйл хэрэгт Орос улсаас тусламж гуйхаар зорьж явна” гэж гүн бодлогошрон ярьж явсан гэж түүх сударт тэмдэглэгдэн үлджээ.

Ханддорж Орос улсаас буцаж ирэхдээ өөрийн нутаг Цонхлон ууланд намрыг өнгөрөөж, 1911 оны 10 дугаар сарын сүүлчээр, өвлийн эхэн сард хүрээг зорьсон байна. Монголд тухайн үед байгуулагдсан түр засгийн газрын талаар өнөөгийн Хятадын түүх судлаачид нэгэн дүгнэлт гаргасан нь Чин ван Ханддорж 1911 оны Үндэсний эрх чөлөөний хувьсгалын гол удирдагчийн нэг гэдгийг баталж байна.

Үүнд нь “Хаант Оросын далд хатгаасаар Богд тэргүүтэй урвагч ван гүн лам нар “Тусгаар тогтнол” төлөвлөгөөгөө яаравчлан гаргаж, Ханддоржоор толгойлуулан Монгол улсыг түр ерөнхийлөн шийтгэх яамыг байгуулж, гадаад Монголын тусгаар тогтнол гэгч үйл ажиллагааг шууд удирдуулах болжээ” гэж дүгнэсэн байна.

Энэ үед Монголчууд эрх чөлөө тусгаар тогтнолын төлөө тэмцэлд босоход үндсэндээ бэлэн болсон Ханд вангийн нэр төлөө олон түмний дотор асар их болсон байлаа.

Улс үндсээ чөлөөлөх Монгол төрийн бодлого үйл ажиллагаанд Чин ван Ханддоржийн дайчин зоримог байдал, сэтгэлийн хатамж, ухаалаг чанараараа онцгой нөлөө үзүүлж гадны нэгэн эрдэмтэн судлаачийн бичсэнээр тухайн үедээ олны дотор цуут домогт Ли Хун Чжан шиг ойлгогдож байв.Тэр үеийн удирдагчид бол XIX зууны эцэс, XX зууны эхэнд Манжийн төрийн алба залгуулж байсан дэвшилтэд үзэлтэй Монгол ноёд язгууртнуудын дүр төрх, нийгэм улс төрийн төлөвшилтэнд талын язгууртын зоримог дайчин байдал, хаан төрийн түшмэл ёсны эрхэмсэг шинж хослон илэрч, тэд улс үндэстнийхээ тусгаар тогтнол, бүрэн эрхт байдлын төлөө ухаанаа уудалж амь биеэ огоорон зүтгэж, байсан тэдний нэг гол төлөөлөгч яах аргагүй. Чин ван Ханддорж юм. Чин ван Ханддорж манж амбан Саньдог-г ирсэн зүгрүүгээ, цагаан хэрэмнийхээ цаагуур танил гэж шуудхан хэлдэг байсан нь түүх шашдирт тэмдэглэгджээ. Ханд ван тэргүүтэн орон нутгаас цэрэг татан бүрдүүлж хүрээнд орж ирээд манж нарыг шууд зайлахыг шаардаж, хятад цэргүүдийн буу зэвсэгийг хурааж, хятад манж нараас чөлөөлөгдсөнийг зарлан тунхагласан энэхүү үйл ажиллагааг Чин ван Ханддорж гардан удирдсаныг түүхийн баримт судалгаа нотлон харуулж байна.

Халхын хүрээний хэргийг түр ерөнхийлөн шийтгэх газраас Саньдо албанд манж хятадууд бүгд 3 хоногийн дотор Монголын нутгаас гар зөрчвөл цэргийн хүч хэрэглэн нутагт чинь хүргэнэ гэсэн тулган шаардах бичиг өгснөөр тэд хугацаанд багтаж буцсан байдаг. Энэ үеэр 1911 оны 12 дугаар сарын 19-нд Японы цэргийн нэгэн хошууч Саньдотой уулзаж ярилцаад “Монгол тусгаар тогтнолоо тунхагласан нь Оросын урьдаас төлөвлөсөн ажил. Ханд чин вантай хуйвалдан Жавзандамба хутагтын нэр сүрийг ашиглан хийсэн үйлдэл” гэж тэмдэглэн үлдээсэн байгаа нь Үндэсний эрх чөлөөний энэхүү хөдөлгөөндЧин ван Ханддорж гол удирдагч гэдгийг нотлох нэгэн баримт мөн. Монгол орон төдийгүй дэлхий дахины анхаарал татсан энэ үйл явдлын дараа Улс орны бүх эрх мэдэл түр засгийн газарт шилжиж, Чин улсын амбан сайдын Яамыг татан буулгаж, Шинэ тулгар Монгол төрийн суурь тавих ажилд бэлтгэж шуурхайлан оржээ. Ийнхүү Цагаачин гахай жилийн өвлийн дунд сарын шинийн есөн буюу 1911 оны 12 дугаар сарын 29-нд Монгол түмний түүх шашдирт хэзээ ч үл мартагдашгүй шинэ хуудас нээсэн юм. Ийнхүү 200 гаруй жил гадаадынханы эрхшээлд хоосорч хоцрогдсон ядарч туйлдсан Монгол орон эрх чөлөө тусгаар тогтнолоо сэргээн тунхаглсан, нөр их үйл хэргийн ачааны хүндийг үүрсэн түүхт хүн бол та бидний нутаг нэгтэн Эрдэнэдайчин Чин ван Ханддорж мөн. Үүний учир 1911 онд туурга тусгаар Монгол улсыг тунхаглагмагц Богд хаан энэ үйл хэрэгт гавьяа байгуулсан хүмүүст хишиг хүртээхдээ хамгийн түрүүнд Ханддоржийг “Тулгар төр байгуулах хэрэгт онц хүчин зүтгэж явсныг онцлон тэмдэглээд үе улиран Эрдэнэ дайчин цол, ханы ямба давхар пүнлүү, шар хүрэм, улбар шар, жолоо, ногоон жууз шагнаж Шадар сайд, бүгд захирах сайд, Гадаад хэргийг эрхлэн шийтгэх яамны сайдын тушаалд тохоон томилсон байна. Богд хаан өөр хэнд ч ханы ямба эдлүүлж давхар пүнлүү олоогүй нь түүний зүтгэлийг онцгой үнэлсэн хэрэг байлаа.

Ийм учраас XX зуунд Монгол улсын сэргээн мандалтын гараа нь яах аргагүй Ханддоржийн нэр чин зүтгэлтэй шууд холбогдож байна.

Акедемич: Ж.Болдбаатарын тодорхойлсноор: -“Ханддорж Чингисийн удмын хана сайт төрийн түшээ, Халхын 4 хантай эн зэргэцэх ханы ямба эзэлсэн цорын ганц Монгол хүн 1911 оны Үндэсний хувьсгалын гол удирдагч, практик хошуучлагч мөн” гэж дүгнэжээ. 1911 оны ҮЭЧХ-ын хөдөлгөгч хүч нь Монголын малчин ардууд, улс төрийн удирдлагыг халхын дэвшилтэд үзэлтэй нөлөө бүхий ноёдууд гартаа авсан байсан юм. Тэдний дотроос М.Ханддорж эрдэм чадал, эр зориг, нэр нөлөө улс төрийн бодлогын мэргэн ухаанаараа товойн тодорч нийт үндэстний эрх чөлөөний хувьсгалын удирдагчийн байр сууринд дэвшин гарч ирсэн байна. Энэ хувьсгалын үр дүн тэдний санаж, бодож байсан хэмжээнд хүрээгүй нь тухайн үеийн олон улсын түүхэн тодорхой нөхцөлтэй холбоотой боловч 1911 оны ҮЭЧХ гараагүй бол 1921 оны Ардын хувьсгалын ялалт өнөөгийн туурга тусгаар Монгол улсын тухай төсөөлөхөд ч бэрхтэй. Үүнд л Чин ван Ханддоржийн гавьяа зүтгэл утга учир оршино, 1911 оны ҮЭЧХувьсгал нь колонийн дарлал мөлжилгийг эсэргүүцсэн. Ази тивдээ анхны хувьсгал, уг системийн задралын эх суурийг тавьснаараа онцгой ач холбогдолтой бөгөөд Чин ван Ханддорж бол яах ч аргагүй Булганчуудын анхдагчуудын нэг анхдагчийн анхдагч мөн.

М.Ханддорж бол Чингисийн удамт сурвалжит язгууртаны нэг. Улс орноо Манж Чин улсын ноёрхлоос чөлөөлж, тусгаар тогтносон бүрэн эрхт Монгол улс байгуулахын төлөө гуйвалтгүй тэмцсэн халуун эх оронч ҮЭЧХ-ыг манлайлан зохион байгуулагч, гол удирдагчдын нэг, хүнд цаг үед туурга тусгаар Монгол улсыг сэргээх эхлэхийг тавьж нөр их үйл хэргийн ачааны хүндийг үүрсэн түүхт хүн мөн.

БУГАТ СУМЫН АХМАД НАСТАН Б.НАРАНЦОГТ